Мөнгөний онол ба бодлого

ECON429 / Бакалавр

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Эдийн засгийн мөнгөний тал, мөнгөний бодлогын нийтлэг суурь онолыг танилцуулах, улмаар нийт эдийн засагт мөнгөний гүйцэтгэх үүргийг гүнзгийрүүлэн судлах зорилготой.

Товч агуулга

(хуучин) Хичээлийн эхэнд макро эдийн үндсэн загварын нэг болох үе давхцах залгамж холбооны загварын төвлөрсөн эдийн засгийн болон зах зээлийн өрсөлдөөний үеийн тэнцвэрт мөнгөний ач холбогдлыг харуулах замаар түүний эдийн засагт үзүүлэх нөлөөг тодорхойлно. Түүнчлэн зах зээлийн эдийн засгийн тэнцвэрт мөнгөний өсөлтийг оруулах замаар инфляцыг тодорхойлон улмаар урьдчилан таамаглагдаж буй болон урьдчилан таамаглагдаагүй үеийн инфляцаас үүдэн бий болох зардлуудыг тодорхойлно. Дараагийн сэдэв нь мөнгөний эрэлтийн талыг авч үзэх бөгөөд энэ нь 2 хэсгээс бүрдэнэ. Эхнийх нь мөнгөний эрэлтийн онолын хөгжил, түүнд чухал үүрэг гүйцэтгэсэн эдийн засагчдын оруулсан хувь нэмрийг авч үзнэ. Түүнчлэн эдийн засагчид хоорондын онолын маргаан, онолын урсгал, чиглэлүүдийн ялгаа юунд байдаг болон түүнээс үүдээд мөнгөний бодлогын талаарх үзэл баримтлал ялгаатайг үзэх болно. Хоёрдугаарт нь, мөнгөний эрэлтийн үнэлгээ дэх эмпирик асуудлыг авч үзнэ. Мөнгөний эрэлтийн үнэлгээнд ямар асуудал үүсэж, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж байсныг үзнэ. Үүнд, хэсэгчилсэн зохицуулалтын загвар, алдаа залруулах загвар гэх мэт. Мөн өөрийн орны тоо баримтад тулгуурласан эдгээр загварын үнэлгээтэй танилцах, зарим загварын үнэлгээг өөрсдөө хийнэ. Дараа нь мөнгөний нийлүүлэлтийн талыг авч үзэх болно. Мөнгөний нийлүүлэлтийн процессыг мөнгөний үржүүлэгчийн энгийн загвараар тайлбарлан Төв банкны оролцоо, гүйцэтгэх үүрэг, бодлогын хэрэгслүүдтэй танилцах болно. Мөн Төв банкны зорилго, завсрын зорилтууд, тэдгээрийг сонгох шалгуурыг тодорхойлно. Ингэснээр мөнгөний бодлогын янз бүрийн стратеги (валютын ханшны, мөнгөний нийлүүлэлтийн, инфляцын зорилтот, далд зорилтот) байдагтай танилцан, бусад өндөр хөгжилтэй улс орнуудын туршлагыг авч үзнэ. Санхүүгийн зах зээл нь дараагийн сэдэв. Санхүүгийн зуучлал, түүнтэй холбоотой тэгш бус мэдээлэл, бууруулах боломж, тэдгээрийн мөнгөний бодлогод үзүүлэх нөлөөг үзнэ. Мөн энд дэлхийн эдийн засагт гарсан томоохон санхүүгийн хямралуудыг авч үзэн, тэдгээрийн шалтгаан, үр дагаварт шинжилгээ хийнэ. Түүнчлэн мөнгөний бодлогын эдийн засагт нөлөөлөх сувгуудыг тодорхойлж, өөрийн орны өгөгдөлд суурилсан судалгааны ажлуудтай танилцана. Тэдгээртэй холбоотой онолын маргааныг авч үзнэ. Эцэст нь нээлттэй эдийн засаг дахь мөнгөний бодлогыг үзнэ. Валютын ханшны урт болон богино хугацааны тэнцвэр, тэдгээрт нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлж, валютын ханшны тогтолцоог авч үзнэ. Валютын ханшны тогтолцооноос хамааран мөнгөний бодлого хэрхэн яаж ажилладгийг өмнө үзсэн онолын загваруудад суурилан үзэх болно.