Чанарын судалгааны арга зүй

STAT725 / Доктор

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 8 цаг - 12 хоног

Зорилго

Энэхүү хичээлийн үндсэн зорилго нь чанарын судалгааны арга зүйг ашиглан нийгэм-эдийн засгийн судалгаа хийх ур чадварыг эзэмшүүлэхэд оршино.

Товч агуулга

Чанарын судалгааны арга зүйн үндэс ба хэрэглээ: Чанарын судалгааг судлагдахууныг илүү нарийвчлан тодорхойлоход түгээмэл ашигладаг. Антропологич, социологчид ХХ зууны эхнээс орчин үеийн чанарын судалгааны арга зүйг судалгааны мэдээлэл цуглуулахад анх ашиглаж эхэлсэн байна. Нийгмийн судалгааны онол, философи, нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудлыг судлагдахуун болгон томъёолсноор судалгааны үндсэн ажил эхэлж, түүвэрлэлт, мэдээлэл цуглуулах, тайлбарлах, холбоо хамаарлыг олж харах гэсэн үндсэн үе шатуудаар судалгаа хийгдэнэ. Чанарын судалгааны мэдээлэл цуглуулах аргачлал: Судалгааны загвараас хамааран оролцогчдын ажиглалт/системчилсэн ажиглалт, гүнзгийрүүлсэн болон зорилтот (фокус) бүлгийн ярилцлага (ФБЯ) гэсэн үндсэн аргуудыг ашиглана. Оролцогчдын ажиглалт, гүнзгийрүүлсэн ярилцлагыг тухайн судалгаанд нэгэн зэрэг түгээмэл хэрэглэдэг. Харин ФБЯ-ыг дээрх хоёр аргачлалд өвөрмөц мэдээлэл цуглуулах элемэнт болон хослуулж хэрэглэдэг. Чанарын судалгааны мэдээлэл цуглуулалт нь судлаачийн ёс зүй, мэргэжлийн ур чадвараас ихээхэн хамаарна. Бүтэцгүй болон бүтцийн дагуух ярилцлага, ФБЯ-ын удирдамж/асуулга, зураг, тэмдэглэл хөтлөлт зэрэг нь чанарын судалгааны мэдээлэл цуглуулах гол хэрэглэгдэхүүн болно. Чанарын судалгааны мэдээлэл боловсруулалт, дүн шинжилгээ: Чанарын судалгааны мэдээлэл боловсруулалт нь урлаг бөгөөд тоон болон чанарын мэдээллийг хослуулах ур чадвар юм. Чанарын судалгааны мэдээллийн дүн шинжилгээнд баримтын, агуулгажилтын, кодлох, ангилан бүлэглэх, уялдаа холбоог шалгах, мэдээллийг товойлгох гаргаж тавих, дүгнэлтийг баталгаажуулах, нотлох, төлөөлөх зэрэг техникүүдийг ашиглана. Этнографийн аргачлал, чанарын зэрэгцүүлэлт, нарийвчилсан шинжилгээ, хэл зүйн шинжилгээ, кейс судалгаа, суурь онолын арга гэх мэт бусад шинжилгээний аргуудыг ашиглаж болно. Дүрс бичлэг дээр ажиллах социологийн арга, компьютерийн тусламжтай чанарын судалгааны мэдээлэлд дүн шинжилгээ хийж болно. Чанарын судалгааны үр дүнг тайлагнах: Сэдвийн хүрээ, мэдээллийг бүлэглэн шинжлэх, кодлох, мэдээллийг дахин шинжлэх, нэмэлт мэдээлэл, кодын сан үүсгэх, дахин кодлох, мета код үүсгэх, мэдээлэлд нэмэлт шинжилгээ хийх, бодит тайлбар хийх, төлөөлөл гаргаж ирэх зэрэг үе шатуудаар чанарын судалгааны үр дүнг нэгтгэх боловсруулж, үр дүнгийн хэлэлцүүлэгийг хамтад нь хэрэглэнэ. Дүгнэлтийг тусд нь бэлтгэнэ.