Үндсэн хууль тайлбарлах арга

JURI550 / Магистр

Багц цаг: 3

Нийтийн эрх зүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: 4 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: 10 цаг - 16 хоног

Зорилго

Ардчилсан улсуудын олонх нь бичмэл үндсэн хуультай бөгөөд уг үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэх эрх мэдэл буюу үндсэн хуулийн хяналтын эрх мэдлийг шүүхэд өгсөн байдаг. АНУ, Япон зэрэг улсад ердийн шүүх нь, ихэнх Европын улсуудад үндсэн хуулийн шүүх нь энэ эрх мэдлийг хэрэгжүүлдэг (цаашид “үндсэн хуулийн шүүх” гэх). Ард түмнийг төлөөлж буй хууль тогтоогчийн шийдвэрийг үндсэн хууль зөрчсөн хэмээн хүчингүй болгох энэ эрх мэдлийг яагаад үндсэн хуулийн шүүх хэрэгжүүлдэг вэ, энэ эрх мэдлийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг нь үндсэн хуульт ёс бүхий улсуудын хамгийн тулгамдсан асуудлуудын нэг. Учир нь, үндсэн хуулийн шүүх нь улс төрийн болон ёс суртахууны олон чухал асуудлуудыг шийдвэрлэдэг бөгөөд уг шийдвэр нь олон жил хүчин төгөлдөр үйлчилж, ихэнхдээ ердийн ардчилсан процессоор засах боломжгүй байдаг. Үндсэн хуулийн шүүх үндсэн хууль зөрчсөн эсэхийг шийдвэрлэхэд үндсэн хуулийг хэрхэн тайлбарлаж байгаагаас хамаардаг учраас үндсэн хуулийг хэрхэн зөв тайлбарлах вэ гэдгийг судлах шаардлагатай. Энэ хичээлээр үндсэн хууль гэж юу вэ, үндсэн хууль ямар онцлогтой вэ, яагаад үндсэн хуулийг биелүүлэх ёстой вэ, үндсэн хуулийг тайлбарлах эцсийн эрх мэдлийг хэн хэрэгжүүлдэг вэ, үндсэн хуулийн хяналтын эрх мэдэл ямар мөн чанартай вэ, үндсэн хуулийг тайлбарласан шүүхийн шийдвэр яагаад хууль тогтоогчийн шийдвэрээс давж үйлчлэх ёстой вэ, үндсэн хуулийг тайлбарлах ямар аргууд байдaг вэ, Монгол улсын Үндсэн хуулийн цэц болон АНУ, Европын шүүхүүд үндсэн хуулиа тайлбарлахдаа ямар арга хэрэглэдэг вэ, үндсэн хуулийг тайлбарлах зөв арга байдаг уу, үндсэн хуулийг тайлбарласан шийдвэр зөв эсхүл буруу болсон гэдгийг яаж мэдэх вэ зэрэг асуудлыг судлан үзэж хэлэлцэх болно. Энэ хичээл нь үндсэн хуулийн текстийг тайлбарлах аргууд болон тэдгээрийг зөвтгөж буй онолуудыг судалж үндсэн хуулийн хэцүү маргааныг хэлэлцэх болно. Энэ хичээлд Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн болон бусад ардчилсан улсуудын шүүхийн шүүхийн шийдвэрүүдэд анализ хийхээс гадна үндсэн хуульт ёс болон үндсэн хуулийн тайлбартай холбогдуулан судлаачдын бичсэн ном, өгүүллийг шинжлэн судлах болно.

Товч агуулга

Үндсэн хуульт ардчилал, эрх зүйт ёс, үндсэн хуулийн мөн чанар, онцлог шинж, үндсэн хуулийн хяналт, үндсэн хуулийг тайлбарласан шүүхийн шийдвэрт анализ хийх аргачлалын талаарх ойлголт нь үндсэн хуулийг зөвөөр тайлбарлахад шийдвэрлэх үүрэгтэй. Тиймээс, энэ хичээлийн хүрээнд эдгээр ойлголтыг танин мэдэх болно. Мөн, үндсэн хуулийн тайлбарлах талаарх сонгодог аргууд болон АНУ-ын үндсэн хуулийн эрх зүйд хэрэглэгддэг аргуудыг судлах болно. Сонгодог аргуудад хэл зүйн тайлбар, логик тайлбар, системчилсэн тайлбар, түүхчилсэн тайлбар, зорилгын тайлбар багтдаг. АНУ-д хэрэглэгддэг аргуудад үгчилсэн тайлбар, интеншнализм, түүхчилсэн тайлбар, бүтэцчилсэн тайлбар, минимализм, зарчимч тайлбар, прагматизм хамаардаг.