Археологийн баримтжуулалт

ARCH207 / Бакалавр

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлээр археологийн судалгааны баримтжуулалтын арга зүй, аргачлал, дэс дараалал, төрөл зүйлийн талаар танилцана. Үүнд, дурсгал болон олдворын тодорхойлолт, гэрэл зураг, гар зураг тэлгээрийн арга техникүүд, хэв маяг болон материал багаж хэрэгсэлийн талаарх мэдлэгийг олгоно. Мөн эрдэм шинжилгээний тайлан эх хэрэглэгдэхүүн боловсруулах дэс дараалал, арга зүйн талаар тодорхой ойлголтыг өгнө. Дадлагын хугацаанд чулуун зэвсэг, шавар сав суулга, төмөрлөг болон ясан эдлэлийг зурах арга зүйн анхан шатны мэдлэгийг олгоно. Түүнчлэн, археологийн олдворын гэрэл зураг авах онол арга зүй болон дроны зураг авалтын талаар танилцаж, дадлага хийнэ.

Товч агуулга

Археологийн шинжлэх ухааны үндэс суурь бол арга зүйн дагуу боловсруулсан баримтжуулалт юм. Баримтжуулалтыг анхан шатны болон боловсруулалтын гэж ангилахын зэрэгцээ хээрийн ба лабораторийн хэмээн хоёр хэсэгт авч үздэг. Тухайн дурсгал / олдворын анхны төрх байдал, түүний онцлог, хэмжээ, хэлбэрийн талаар тодорхойлон бичих арга зүйн талаар авч үзнэ. Мөн тухайн дурсгал / олдворын анхны төрх байдал болон малтлагын явц, сэргээн засварлалтын дараах байдлыг гар зургаар зурж тэмдэглэх, олон аргаар гэрэл зурагт буулгах гэсэн дарааллын дагуу суралцагсдад тодорхой мэдлэгийг олгоно. Археологийн тодорхойлолтыг илүү тодотгон, тодруулах нэгэн арга зам бол гар зураг бөгөөд зурахын өмнө тухайн археологийн зүйлийн бүтэц, зохион байгуулалтын онцлог, хийсэн материал, арга технологийг сайтар ажиглаж, тухайн онцлогийг танигдахаар зурсан байвал зохино. Археологийн ажлын зургийг тусгай цаасан дээр зурах бөгөөд энэ нь гэрэл зургийн хамт хээрийн судалгааны нэгэн чухал баримт болно. Гэрэл зурагт байгаль дээр байгаа археологийн обьектыг хэд хэдэн өнцгөөс авч буулгах бөгөөд кадрын дугаар, тайлбарыг тусгайлан тэмдэглэн хөтөлнө. Хээрийн нөхцөлд хийсэн анхан шатны баримтжуулалтыг боловсруулан нь эрдэм шинжилгээний тайланд оруулах бол лабораторийн судалгааны явцад хийсэн баримтжуулалт нь ахисан түвшний судалгаанд ашиглагдах нь бий. Эдгээр археологийн баримтжуулалтын олон үе шатуудыг суралцагсадад тайлбарлан ойлгуулах, дадлагжуулан сургах үйл явцаар хичээл явагдана.