Азийн соёл иргэншил ба орчин үеийн Ази

ASIA418 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 3 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

XXI зуунд Азийн улс гүрнүүд түүн дотроо Япон, Өмнөд Солонгос, БНХАУ, БНЭУ, Тайланд, Индонези, Малайз улс Ази тив болон улмаар дэлхийн эдийн засаг, улс төрийн тэргүүлэх байр суурийг эзлэх төлөвтэй байна. Эдгээр орон ийнхүү дэлхийн эдийн засаг, улс төрийн томоохон тоглогч болж буй үйл явцад тэдгээр улс оронд дэлгэрсэн соёл (итгэл үнэмшил, зан заншил, шашин-Хиндүизм, Буддизм, Шинто, Күнзийн сургаал, үзэл баримтлал) хэрхэн тулгуур суурь, үзэл суртлын (ideology) чиг баримжаа болж буй талаар судлан дүн шинжилгээ хийх нь Азийн соёл ба орчин үеийн Ази хичээлийн зорилго юм. Азийн улс орнуудын язгуур соёл нь хэрхэн одоогийн Азийн улс орнуудын хүн амын аж ахуй, итгэл үнэмшил, эдийн засгийн баримтлал, хөгжил, төрийн бодлогод нөлөөлж буй мөн улмаар дэлхийд хэрхэн ямар хэлбэрээр тархаж буй талаар задлан шинжилж чадах цогц мэдлэгийг оюутнуудад олгох нь уг хичээлийн ач холбогдол юм. Оюутан энэ хичээлийг судалснаар хүн төрөлхтний бүтээсэн олон соёл иргэншлийн талаар үндсэн мэдлэгтэй болох ба эдгээр соёл иргэншлүүдийн орчин үеийн нөлөөлөл, уламжлал шинэчлэл, харилцаа зэргийн тухай тодорхой ойлголттой болно. Өрнө Дорнын олон улсуудад олныг хамран хөгжиж буй өрнөөд буй Икигай, Иога, Чигун, цагаан ногоон хоолны дэглэм, бясалгал зэрэг хүний хөгжлийн сургалтууд, онолуудын үндэстүүдийг мэдэж хэрэглэж ангилж ялгаж танина. Улмаар холбогдох асуудлыг онолын түвшинд задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, ялгаа онцлог бүхий соёлуудыг ойлгон хүндэтгэх, бодит байдлаар тайлбарлах, соёл хоорондын харилцааг шүүн тунгаах, харьцуулах, шинжлэх ухааны үг хэллэг бүхий бичвэр текстийг бүтээлчээр уншиж ойлгох, бичих, өөрийгөө бүтээлчээр илэрхийлэх, чадвартай болно. Өөртөө болон бусдад эергээр хандах, багаар ажиллах, санаал бодлоо илэрхийлэхдээ бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж, шүүмжлэл, зөвлөмжийг эергээр хүлээн авдаг дадал суулгана.

Товч агуулга

“Азийн соёл, иргэншил ба орчин үеийн Ази” хичээлээр Ази тивийн зонхилох гурван соёл иргэншил буюу Энэтхэг, Хятадын соёл болон Исламын соёлын талаар судална. Түүнчлэн Азийн уламжлалт соёл, ахуй, аж байдлын онцлогоос урган гарсан үндэсний брэнд, улсын имиж, амьдралын хэв маяг дэглэм, урсгалуудын талаар үзэх болно. Тухайлбал, Зүүн Өмнөд Азид хүчтэй нөлөө бүхий Энэтхэгийн соёл (Хиндүизм, Буддизмын үзэл баримтлал), Зүүн Хойд Азийн сэтгэлгээ, үзэл баримтлалын суурь болсон Күнз, Дао, Шинто, Буддизмын соёл, Дундад Ази болон Зүүн Өмнөд Азийн соёл иргэншлийн тулгуур Исламын соёлын үзэл баримтлал, зан заншил, ёс суртахуун, үнэт зүйл нь одоогийн Азийн орнуудын нийгэм, улс төр, эдийн засгийн практик үйлдэлтэй хэрхэн уялдан холбогдож мөн даяарчлалын/даяаршлын эринд Өрнийн соёлтой хэрхэн сүлэлдэн мөн нөгөө талаар сөргөлдөн буй талаар, судална