Шашны онолыг ангилах аргазүйн үндэс

RELI310 / Бакалавр

Багц цаг: 3

Философи, шашин судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээл нь оюутнуудад олон шашны онолын асуудлыг ерөнхийлөн ангилах арга зүйн мэдлэг олгох зорилготой. Үүнд буддын болоод буддын бус эртний энэтхэгийн олон урсгал чиглэлүүд, тэдгээрийн үндэслэгчид, үүсэл хөгжилийн түүх, үзэл номлолын ялгаа, салбар ангилалуудыг ойлгуулахад чиглэгдэнэ. Уг хичээлийг судалснаар гадаад, дотоод тогтсон таалалтан гэж хэнийг хэлэх, гадаад дотоодын үндсэн гол ялгаа (ахуйг танин мэдэх эсэх онолын асуудал, явдал мөр, гэгээрэл нирвааны ойлголт ) юу болох, буддын бус урсгал чиглэлүүд, тэдний үзэл баримтлал, онолыг гаргагч гол төлөөлөгч, буддын онол сургаал ямар ямар урсгал чиглэлд хуваагддаг, урсгал чиглэлүүдийнх нь гол төлөөлөгчид хэн хэн ямар ямар зохиол бүтээл туурвисан түүний утга агуулгыг таньж мэднэ. Ингэснээр тухайн сэтгэгч ялангуяа монголын гүн ухаантнууд аль аль урсгал чиглэлийнх болохыг тогтоож чадах чадвартай болох юм. Хичээлийн зорилт: Шашны онолыг ангилах арга зүйн салбар ухааны үүсэл, хөгжлийн түүхтэй танилцаж уг чиглэлээр шинжлэх ухаанд хувь нэмэр оруулсан эрдэмтэдийн үзэл бодол, бүтээлийг судална. "Тогтсон таалал" хэмээх нэрийн учир, мөн чанар, гадаад хийгээд дотоод тогтсон тааллын ялгалууд, тэдгээрийн үзэл онолыг дэлгэрэнгүй үзнэ. Энэ тогтсон таалалд эртний энэтхэгийн буддын бус тогтсон таалалтан буюу гадаад үзэлтэнийг энэтхэгийн гүн ухаантан, буддын учир шалтгааны ухааныг хөгжүүлэгчийн нэг Дигнага бээр "буруу зам мөрд хязгааргүй" гэсэнчилэн асар олон урсгал чиглэлд хуваадаг боловч үзэл номлолынх нь ижил төстөй байдлаар нь хураангуйлж ерөнхийд нь мөнхөд өгүүлэгч, тасрхайд өгүүлэгч хэмээх үндсэн хоёр хэсэгт ангилна. Данжанба, Жэврагба, Рэгжодба, Жэрвүва, Жанпэнба эдгээр тавд тэрсүүд бүгдээр үзэл баримтлалынх нь хувьд багтдаг. Энэхүү хичээлээр гадаад тогтсон таалалтанаас төлөөлүүлж тасархайг өгүүлэгч Жанпэнба, мөнхөд өгүүлэгч Данжанба, Чавжүгба, Ванчүгба, Жэврагба, Жодваба, Ригбажан, Жэрвүба нарын үзэл номлолыг таниж мэдэх юм. Шашны онолын ангилалыг арга зүйг : бэлгэ чанар, ялгал, тус тусын утга гэсэн үндсэн гурван хэсгээр авч үзнэ.

Товч агуулга

Шашны онолыг ангилах арга зүйн салбар ухааны үүсэл, хөгжлийн түүхтэй танилцаж уг чиглэлээр шинжлэх ухаанд хувь нэмэр оруулсан эрдэмтэдийн үзэл бодол, бүтээлийг судална. Тухайн чиглэлийн үүсэл хөгжилийн түүх, шашнй онол баримтлал, гол төлөөлөгчид, тэдний зохиол бүтээл, үйл ажиллагаа, алдартай шавь нар буюу залгамжлагчдын талаар мэдлэг олох юм. Тогтсон таалал хэмээх буддын философийн түүхийн чиглэлээр бичсэн эртний мэргэдийн сурвалжуудтай танилцана. Үзэл баримтлалдаа хөдлөшгүй болсон гэх тогтсон таалал хэмээх нэрийн мөн чанар, утга учир, гадаад хийгээд дотоод тогтсон тааллын ялгалууд, тэдгээрийн үзэл онолыг дэлгэрэнгүй үзнэ. Тогтсон тааллуудыг нэг бүрчлэн бэлгэ чанар, ялгал, тус тусын утга, нэрийн учир гэсэн үндсэн хэсгээр авч үзнэ. Түүнчилэн тогтсон тааллыг "суурь, мөр, үр"-ийг үзэх үзлийн үүднээс ялган үзэх юм. Үүнээс "суурь" гэдэгт үндсэн онолын тал, ахуйн тухай сургаал, "зам, мөр"- нь гэгээрэлд хүрэх арга зам, явдалыг өгүүлдэг бол "үр" гэдэгт ямар үр дүнд хүрэх өөрөөр хэлвэл гэгээрлийн талаар ямар үзэлтэй болохыг мэднэ. Бид шашны үзэл онолыг гадаад үзэлтэн, дотоод үзэлтэн гэж үндсэн хоёр хэсэгт хуваан үзнэ.