Экологийн антропологи: Уул уурхай ба байгаль орчин

ANTH307 / Бакалавр

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлээр экологийн антропологийн онолын хөгжил, тухайлбал байгаль орчныг эсвэл соёлыг илүү шүтэх, аль нэгээр нь нөгөөг нь тодорхойлох оролдлогууд болон цаашид хүний амьдрах орчин, нийгэм хоёрын хоорондын харилцан хамаарлыг ойлгож мэдсэнээр байгаль орчинтой холбоотой аливаа судалгаанд академик дүн шинжилгээ хийх чадвартай болно. Түүнчлэн уул уурхайгаар байгалийн баялаг олборлох түүнээс үүдэн бий болох байгаль орчны хохирол, бусад сөрөг болон эерэг үр дүнг судлаачийн байр сууринаас үнэлэн дүгнэх онолын чиг баримжаатай болох юм. Байгалийн нөөц болон нийтийн өмч, түүний хуваарилалтын асуудалд дэлхийн чиг хандлага ямар байгааг сүүлийн үеийн судалгаануудын тоймыг уншиж судалснаар бодитой, аль нэг талд орохгүй, өөрийн мэдлэгээр үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид гүнзгийрүүлэн судлах үндэс суурийг олгоход хичээлийн зорилго оршино.

Товч агуулга

Уг хичээлээр хүн өөрийн амьдарч буй байгаль орчинтойгоо ямар харилцаанд ордог, мөн хүн байгалийн харилцан хамаарлын талаар антропологийн үзэл баримтлалыг танилцуулах юм. Байгаль орчныг хүн хэрхэн өөрөө бий болгож байсан болон байгаль орчин эргээд хүнд ямар нөлөө үзүүлж өөрчилж байсан бэ? Бид байгаль дэлхийгээ эсвэл биднийг тойрон байгаа хүрээлэн буй орчныг яаж тодорхойлдог вэ? Энэ ойлголт өөр өөр соёлуудад ямар ялгаатай байдаг вэ? Байгаль орчин яаж доройтож байна, түүнд хүний оролцоо ямар байгаа вэ? Байгалийн нөөцийг эзэмших, хянах, байгаль дэлхийн ач холбогдол, хүрээлэн буй орчноо хайрлаж хамгаалах тал дээр хүмүүс өөр өөр байр суурьтай, ойлголттой байх үед чухам юу болдог вэ? Уул уурхайн хөгжил байгаль орчныг хамгаалах үзэл санаатай хэрхэн сөргөлдөж, ямар үр дагавар гаргаж байна вэ? Уул уурхайг эсэргүүцсэн хөдөлгөөнд хэн оролцож байна вэ? Тэгээд хэн үүнийг шүүх вэ? Энэ хичээлээр эдгээр асуултуудад антропологичид хэрхэн хандаж байгааг болон мөн экологийн антропологи, уул уурхайн антропологи, экологийн улс төрд хэрхэн үзэж байгааг судлана.