Зооархеологи

ARCH302 / Бакалавр

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хичээлийн үндсэн зорилго нь археологийн малтлага судалгаагаар илэрсэн мал, амьтны ясны олдворт тулгуурлан эртний нийгэмд мал, амьтан нь хүмүүсийн амь зуулга, эдийн засагт хэрхэн нөлөөлж, ямар үүрэг гүйцэтгэж байсныг тодорхойлох, цаашлаад хүн болон мал, амьтан хоорондын харилцааны өргөн асуудлыг хөндөнө. Дотоод Ази, ялангуяа, Монгол улсын нутаг дэвсгэрийн хүрээнд хүмүүс хэдэн мянган жилийн турш нүүдлийн мал аж ахуй болон ан агнуурыг дагнан эрхэлж амь зуулга, нийгэм, эдийн засгийн хэрэгцээгээ хангаж ирсэн. Тийм учраас археологийн малтлага судалгаагаар мал, амьтны яс хамгийн түгээмэл илэрч олддог боловч тэдгээрийг шинжлэх ухааны түвшинд боловсруулан судлах ажил нэн хангалтгүй түвшинд буйг онцлох хэрэгтэй бөгөөд энэ нь мэргэжлийн боловсон хүчин огт бэлтгэдэггүйтэй холбоотой. Харин их сургуулийн хичээлийн хөтөлбөрт зооархеологийн шинжлэх ухааныг багтааснаар энэхүү хоосон орон зайг бөглөх дотоодын судлаачид бэлтгэгдэх үндсэн нөхцөл бүрдэх юм. Түүнчлэн, дотоод Азийн хэмжээнд ан агнуураас мал гаршуулах үйл явц руу шилжих үе буюу мал аж ахуйн гарал үүсэл, мал сүргийн бүтэц хэдий үеэс бүрэлдэж эхэлсэн, мөн ан авын асуудал, анч нохой, шувуудыг хэдий үеэс сургах болов гэх мэт олон асуулт хариулт нэхэн хүлээсээр байна. Цаашлаад мал аж ахуйг дагасан асар баялаг өв уламжлал, тоглоом наадгай, ёс заншил, зан үйл, оюун санааны ойлголт, шүтлэг бишрэл бүрэлдэн тогтсон байдаг. Эртний нийгмийн энэхүү олон талт асуудлыг хөндөн судлахад зооархеологийн хичээлээр олж авсан мэдлэг голлох байр суурь эзэлнэ.

Товч агуулга

Зооархеологийн үндсэн ойлголтоос эхлээд мал амьтны ясанд судалгаа хийж, тус мэдээллээ боловсруулж сурах зорилготой. Нэгдүгээрт, үндсэн суурь ойлголтыг эзэмшинэ. Тухайлбал, эхний 5 хичээлийн хүрээнд зооархеологийн судалгаатай танилцаж, малын ясны нэр томьёо, малын анатоми бүтцийг судалж хооронд нь ялган таньж сурна. Хоёрдугаарт, зооархеологийн арга зүйд суралцана. Тухайлбал, 5-10 дахь хичээлээр малын нас хүйс тогтоох, хэмжилт судалгааны арга зүй эзэмших, уналга эдэлгээний шинж тэмдэг тодорхойлох, шинэ хуучин хугарал, өгөршил элэгдэл тодорхойлох гэх мэт. Гуравдугаарт, буюу 11-12 дахь хичээлээр малын ясны бүртгэл судалгаа хийж, олж авсан материалаа боловсруулахад суралцана. Дөрөвдүгээрт, шаардлагатай бусад нэмэлт мэдлэгийг олж авна. Тухайлбал, 13-16 дахь хичээлээр малаас гадна зарим амьтан болон шувууны анатоми бүтэц үзэж, ясны ялгааг таньж мэдэх, улмаар мал гаршуулалтын түүх, онолтой танилцана. Семинарын хичээл дээр орчин үеийн мал амьтны ясны цуглуулгыг ашиглаж дадлага туршилт хийнэ. Хичээлийн сүүлийн хагаст 13-р долоо хоногт сурсан мэдлэг бататгахын тулд археологийн болон орчин үеийн мал, амьтны олдвор, цуглуулгад бичил судалгаа хийж бие даалтын ажил хамгаална.