Статистикийн түүвэр судалгаа

STAT723 / Магистр

Багц цаг: 3

Хэрэглээний математикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Түүвэр судалгааны хичээлийн зорилго нь түүвэр судалгааны арга техникийг ашиглан судалгаа шинжилгээ хийх мэдлэг чадварыг дээшлүүлэхэд чиглэнэ.

Товч агуулга

Хичээлээр түүврийг сонгох, хэрэглэх, тооцох талаар голлон судална. Энэ хичээл нь томоохон хэмжээний түүвэр судалгааны хоёрдогч мэдээлэл ашиглан судалгаа шинжилгээ хийх эсвэл бие даан түүвэр судалгаа хийх мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилготой оюутнуудад чиглэгдсэн болно. Хичээлээр түүвэр судалгааны хэрэглээ, түүний давуу тал, онцлог болон түүвэр судалгааны төлөвлөгөө, загварын талаар сүүлийн үеийн томоохон судалгааны тойм, жишээгээр судалж хэлэлцэнэ. Судалгааны зорилго, асуудал тодорхойлох дасгал хийж, судалгаагаар цуглуулах мэдээллийн тухай болон түүнийг цуглуулах аргуудын талаар хэлэлцүүлэг явуулна. Оюутнууд судалгааныхаа чиглэлээр түүврийн нэгж, олонлогоо тодорхойлох, мөн түүврийн хүрээг тогтоох аргуудын талаар дэлгэрүүлж судална. Магадлалт болон магадлалт бус түүврийн аргууд, тухайлбал, энгийн санамсаргүй, системт, давхаргат, хэмжээнд нь пропорцлох болон кластерийн аргын талаар дэлгэрүүлэн судалж, эдгээр аргаар түүвэрлэх дадлага хийнэ. Түүврийн зарим аргуудын хэрэглээтэй холбоотой, жишээ нь, кластерийн тоо хэмжээг тогтоох гэх мэт асуудлыг хөндөж бас судална. Түүврийн тоог тогтоох, түүврийн алдааг болон өгөгдөөгүй хариултыг тооцох дасгал хийнэ. Асуулга хуудсын агуулга, бүтэц, асуултуудын дараалал, үг хэллэгийг оновчтой хэрэглэх буюу асуулга судалгааны анкет боловсруулахад дадлагажиж суралцана. Асуулга судалгаа авах аргууд, тэдгээрийн давуу ба сул талын талыг судална. Асуулга авах аргуудаас ярилцлагаар мэдээлэл авах арга техникийг гүнзгийрүүлэн судалж, судлаачийн ур чадвар, талбарын судалгаа хийхэд шаардагддаг ёс зүйн болон бусад анхаарах асуудлын талаар хэлэлцэнэ. Мөн мэдээллийг танин илрүүлэх, цуглуулсан мэдээллээ тооцож шинжлэн үр дүнг хүснэгтэлж, хөрвүүлж тайлбарласан жишээгээ оюутнууд хэлэлцүүлнэ. Түүвэр судалгааны хоёрдогч мэдээлэлд хийх шинжилгээгээр бие даалтын ажил хийж, үр дүнг хөрвүүлэх, бусдад таниулах дадлага хийнэ. Хичээлээр олсон мэдлэгтээ суурилан оюутнууд сонгосон судалгааны сэдвээрээ судалгааны загвар төлөвлөгөө боловсруулна. Боловсруулсан загварын дагуу туршилтын судалгаа хийж мэдээллийн боловсруулалт хийнэ. Судалгаатай холбогдсон эрдмийн бүтээлийн судалгааны тойм хийж хэлэлцүүлнэ. Хичээлийн зарим сэдвээр оюутнууд холбогдох материалууд уншиж судлан бие даалтын ажлаа үнэлүүлнэ. Эрдэм шинжилгээ, судалгааны тайлан, бүтээлийн шүүмж, судалгааны явц болон түүнийг сайжруулах талаар оюутнууд багаар хэлэлцэнэ.