Хүний эрх (Ерөнхий суурь)

PUBL101 / Бакалавр

Багц цаг: 3

Хувийн эрх зүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Энэ хичээлийг судласнаар оюутан хүний эрхийн тухай үндсэн ойлголт, хүний эрхийг хамгаалах механизмтай танилцаж, өөрийн болон бусад хүмүүсийн хүний эрхэм чанарыг хүндлэх хандлага, дадлыг төлөвшүүлж, тодорхой тохиолдолд хүний эрхийн зөрчил гарсан эсэхийг үндэслэлтэйгээр тодорхойлох чадварыг эзэмшинэ. Үүний үр дүнд оюутнууд хүний эрхийн утга учир, ач холбогдлыг танин мэдэж, хүний эрхийн мэдрэмжтэй иргэн болж төлөвшинө. Аливаа улсын иргэдийн олонх нь ардчилалын үнэт зүйл, түүний дотор хүний эрхийн чухлыг ойлгож, хамгаалдаг бол тухайн улсад ардчилал хөгждөг.

Товч агуулга

Энэ хичээлээр хүний эрхэм чанар (human dignity), хүний эрхийн философи, онол, түүхэн хөгжил, ангилал, ач холбогдол, Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээгээр хамгаалагдсан хүний эрхүүдтэй танилцаж, хүнийг эрхийг хамгаалах үндэсний болон олон улсын механизмийн талаар ойлголттой болно. Түүнчлэн, хувийн эрх, улс төрийн эрх, эдийн засаг, нийгэм, соёлын эрх, бүлгийн эрхийг тус бүрийн онол, түүх, онцлог, Монголын болон олон улсын жишээ, тодорхой тохиолдол, харьцуулалтад тулгуурлан нарийвчлан судлана. ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР Хүний эрх хичээлийг судласнаас оюутан дараах сэдвүүдээр мэдлэг эзэмшинэ: - Хүний эрхэм чанар ба хүний эрхийн ойлголт, философи, ангилал, түүх, ач холбогдол; - Хүний эрхийг хамгаалах механизм (Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, шүүх, Хүний эрхийн үндэсний комисс, хүний эрхийг хамгаалах олон улсын механизм) - Хувийн эрх (тэгш эрх ба амьд явах эрх, халдашгүй, чөлөөтэй байх эрх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, хувийн амьдрал ба хувийн нууц халдашгүй байх эрх, өмчлөх эрх ба нөхөх олговор авах эрх, зорчих, оршин суух газраа сонгох эрх, шударга шүүхээр шүүлгэх зэрэг); - Улс төрийн эрх (өргөдөл, гомдолоо гаргаж шийдвэрлүүлэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, сонгох, сонгогдох эрх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөө, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрх зэрэг); - Эдийн засаг, нийгэм, соёлын эрх (амрах, зав чөлөөтэй байх эрх, нийгмийн хангамж эдлэх эрх, сурч боловсрох эрх зэрэг); - Бүлгийн эрх (бэлгийн цөөнх, дүрвэгсэд, үндэсний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хүүхэд, эмэгтэйчүүд); Энэ хичээлийг судласнаар оюутан дараах чадварыг эзэмшинэ: - Хүний эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийн болон олон улсын гэрээний заалтыг тайлбарлах, - Тодорхой тохиолдолд хүний эрх зөрчигдсөн эсэхэд анализ хийх (фактын болон хууль зүйн анализ хийх) - Үндсэн эрхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай эх сурвалжыг тодорхойлох, судалгаа хийх - Зөрчигдсөн эрхээ хамгаалуулах зорилгоор шүүхэд гомдол гаргаж сурах - Зөрчигдсөн эрхээ үндэсний хэмжээнд хамгаалах бүх аргыг хэрэглэсний дараа олон улсын хэмжээнд хэрхэн хамгаалуулж, гомдол гаргаж сурах, - өөрийн болон бусад хүмүүсийн хүний эрхэм чанар хүндлэх, хүний эрхийг хамгаалах хандлага, дадлыг төлөвшүүлэх.