Улс төр, эрх зүйн онол

JURI702 / Доктор

Багц цаг: 3

Нийтийн эрх зүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: 4 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлээр эрх зүй судлал гэж юу вэ, хууль, эрх зүй гэж юу вэ, түүний мөн чанар юу вэ, шударга бус хууль нь хууль мөн үү, хүний амьдралд илэрхий шаардлагатай, зайлшгүй зарчмууд байдаг уу, хуульд өөрт нь дотоод ёс суртахуун байдаг уу, эсхүл хууль гэдэг нь бүрэн эрхтийн тогтоосон тушаал уу, эрх зүйн мөн чанарт задлан шинжилгээ хийж ямар хэм хэмжээнээс бүрддэгийг нь олж харах боломжтой юу, эрх зүйн хэм хэмжээнүүд нь бие биеийгээ шатлан захирч эрэмбэлэгдсэн тогтолцоо юу, мөн эрх зүй болон ёс суртахууны хамаарал юу вэ, эрх зүйд зарчим ямар үүрэгтэй вэ, хэцүү хэргийг хэрхэн шийдвэрлэх хэрэгтэй вэ гэсэн асуултуудад хариулах болно. Мөн, эрх зүйг шүүгч бүтээдэг үү, шүүгчийн гаргах шийдвэрийг урьдчилан хэлэх бололцоотой юу, шүүгч шийдвэр гаргахад эрх зүйн хэм хэмжээнээс гадна ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ, эрх зүйн тогтолцоо нь эцгийн эрхт ёсонд суурилж эмэгтэй хүмүүсийн эрх ашигт бүрэн анхаарал хандуулдаггүй юу, эсхүл эрх зүй нь нийгмийн элит хэсэг, түүний ашиг сонирхолд үйлчилдэг үү зэрэг асуудлыг хөндөж судлах болно. Түүнчлэн, эрх зүйт ёс (rule of law) гэж юу болох, түүний хэлбэрийн болон агуулгын шаардлага, эдгээр шаардлагыг хангасан эсэхийг үнэлэх аргачлалтай танилцана. Эцэст нь, зүй ёс (justice) гэж юу вэ, ямар нийгмийг зүй ёстой нийгэм гэх вэ, зүй ёсны зарчмуудыг хэрхэн тодорхойлох вэ гэсэн асуултад хариулна. Дээрх асуултуудад орчин үеийн эрх зүй судлалын онолууд хэрхэн хариулдаг, ямар үндэслэл дэвшүүлдэг вэ гэдгийг судлах, шүүмж дэвшүүлэх, XX зууны улс төр, эрх зүйн онолын хамгийн чухал бүтээлүүдтэй танилцах, тодорхой эрх зүйн асуудлыг шийдвэрлэхэд эрх зүйн онолыг хэрэглэх боломжийг оюутанд олгоно.

Товч агуулга

Энэ хичээлээр ардчиллын онол, либертари онол, зүй ёсны онол, эрх зүйт ёсыг судлана. Мөн, эрх зүй судлалын агуулга, үндсэн асуудал, аргыг танилцуулж, дараах сэдвүүдийг дэлгэрэнгүй судлах болно: (1) жам ёсны эрх зүйн онол, (2) эрх зүйн позитивизм, (3) эрх зүйн бүхэллэг чанарын онол, (4) реалист эрх зүй судлал, (5) эрх зүйн социологийн онол, (6) шүүмжлэлт эрх зүй судлал, (7) феминист эрх зүй судлал, (8) постмодерн эрх зүй судлал. Эцэст нь, хүний эрхэм чанар, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хувийн амьдрал халдашгүй байх эрх, хуулийн өмнө тэгш байх эрхтэй холбоотой тулгамдсан асуудлуудад эрх зүйн онол, философид тулгуурлан анализ хийх болно.