Монгол судрын хэл судлал

MONG703 / Доктор

Багц цаг: 3

Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Монгол бичгээр уламжилж ирсэн олон зуун судар манай орны хот хөдөөгийн номын сан, хувь хүмүүсийн цуглуулга, дэлхийн олон орны номын санд хадгалагдаж байна. Бар хэвлэл, гар бичмэлээр уламжилж ирсэн эдгээр судар манай хэл соёлын ховор нандин өв болно. Судар бичгийн томоохон цуглуулга болох монгол Ганжуур, Данжуур манай олон үеийн эрдэмтэн гүүш нарын хүчин чармайлтаар буй болжээ. Монголын шашин соёл, уран зохиол, урлаг утга зохиолын өв болох монгол бичгээр уламжилж ирсэн ном судрын цөөнгүй хувийг төвд хэлнээс орчуулсан байдаг учир тэдгээр зохиолын хэл найруулга онцлог шинжтэй болсон билээ. Судын хэлний зөв бичих зүй, хэлний зүй, үгсийн сан, өгүүлбэр зүй, найруулгын онцлогийг танин мэдүүлж, уламжлалт хэл соёлынхоо өвийг судлах дадлага чадварыг суулгахад энэ хөтөлбөрийн зорилго оршино.

Товч агуулга

Дундад зууны монголын утга зохиолын өвийг судлахад чухал үндэс суурь болох судар номын хэл нь үгсийн сан, хэл найруулга, нэр томъёо, их бага таван ухааныг хамарсан зэргээрээ монгол бичгийн хэлнээс ялгарах бие даасан нэгэн үеийг төлөөлөх онцлогтой. Зөв бичих зүйн хувьд бүрэн төлөвшиж, хэлбэр судлалын хувьд хуучирсан зүйлийг авах гээхийн ёсоор зөв шийдэж чадсан учир судар номын хэлийг сонгодог бичгийн хэл ч гэж нэрлэх ёс бий. Монголын шашин соёл, эрдэм ухааны олон салбарын ном судрыг багтаасан монгол Ганжуур, Данжуур бол судар номын хэлийг судлах үнэтэй чухал хэрэглэгдэхүүн юм. Энэ хөтөлбөр шашин номын хэл төдийгүй дундад зууны монголын түүх бичлэгийн хэл найруулга, бусад утга зохиолын хэл найруулгад ч ул мөрөө үлдээсэн судрын хэлний зөв бичих зүй, хэлний зүй, үгсийн сан, өгүүлбэр зүй, найруулга зүйн судалгааг хамарна.