Турк хэлний ярих, сонсох дадал 1

TURK205 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 1 цаг - 16 хоног

Семинар: 4 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Ярих сонсох дадал (Анхан 1) хичээлийн зорилго нь турк хэлээр тодорхой нэг сэдвийн хүрээнд энгийн, богино харилцаа(гэр бүл, ойр дотныхон, амьдарч буй орчин тойронтой холбоотой)-нд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, бусдын санаа бодлыг ойлгох чадвар эзэмшүүлэхэд чиглэнэ. Тодруулбал, турк хэлээр ойлгож ярих дадалтай болохын зэрэгцээ мэргэжлийн бусад хичээлээр үзэж буй зүйлийг бататгах мөн турк хүний харилцааны хэм хэмжээтэй танилцуулах, өдөр тутмын үг хэллэгээр өөрийгөө илэрхийлэх, бусдыг ойлгох, өөрийгөө болон бусдыг танилцуулах, бусдад хувь хүний мэдээллийн талаар (жишээ нь хаана амьдардаг, ямар хүмүүс таньдаг, ямар зүйл тэдэнд бий талаар) асуулт тавих, мөн энэ төрлийн асуултанд хариу өгөх чадварыг эзэмшүүлнэ. Харилцагч нь удаан бөгөөд тод ойлгомжтой ярьж, ойлгоход нь тусалж байвал энгийн аргаар ойлголцох чадварыг эзэмшүүлэх замаар хэлний ерөнхий мэдлэгийн хэрэглээ болон Турк улсын нийгэм-соёлын мэдлэг олгохын зэрэгцээ сурах үйл ажиллагаагаа ухамсартай жолоодох, хэл сурах болон бие даан сурах арга барил эзэмшүүлэх, үнэлгээний олон хэв маягтай танилцан өөрийн болон бусдын үнэлгээнд суралцах, албан бус, тасралтгүй болон насан туршид сурахуйд сургана.

Товч агуулга

Турк хэл нь монгол хэлний нэгэн адил Алтай язгуурын хэлэнд хамаарах залгамал бүтэцтэй хэл юм. Суралцагч нь гэр бүл найз нөхдийнхөө тухай энгийн яриа, харилцан яриа болон бусдын яриаг ойлгох, өөрийн тухайн танилцуулах чадварыг эзэмших нь Турк хэлний ярих сонсох дадал (Анхан 1) хичээлийн үндсэн агуулга болно. Тухайлбал: мэндлэх, танилцах, танилцуулах, хоолны газар, хүнсний болон хувцасны дэлгүүрээр үйлчлүүлэх, хичээл сургууль дээр яриа өрнүүлэх, ямар нэгэн зүйлийг юу болох талаар асуулт тавих, нэрлэх, орон зай, зүг чигийг тодорхойлон хэлэх, цаг тохирох, болзох, уучлал гуйх, эрүүл мэндийн заавар зөвлөгөө өгөх ярианы чадвар эзэмшиж, энэ тухай өгүүлэмжийг сонсоод ойлгох, эргэн хариу өгөх сонсож ойлгох чадвар эзэмшинэ. Ажил мэргэжил, орон гэр, сууц, өдөр тутмын ажил үйл, өдрийн тэмдэглэл, аяллын хөтөлбөр, амралт, болсон явдал, осол эндэл, хоолны зуршил, хувцас загвар, цаг агаар, эрүүл мэнд, биеийн тамир гэх мэт сэдвээр сонсож ойлгох, ярианд оролцох, учир холбогдолтой ярихад сурна. Түүнчлэн Турк улс, түүний түүхэн дурсгалт газрын тухай мэдлэгтэй болж, тэдгээрийн тухай ярилцана.