Дэлхийн эртний агуу соёл иргэншлүүд

ARCH218 / Бакалавр

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Өнгөрсөн үеийн соёлуудын судалгаатай хамааралтай олон шинжлэх ухааны салбаруудын дотроос археологийн шинжлэх ухаан өнөө үед тэргүүлэх эгнээнд алхах боллоо. Энэ нь зөвхөн шинэ технологи, арга барилыг судалгааны арга зүйд эрчимтэй нэвтрүүлж эхэлсэнтэй холбоотойгоос гадна биет хэрэглэгдэхүүнийг археологчид хэрхэн тодорхойлолт, тайлбар, онол болгон хувиргаж байгаа шинэ зарчмуудтай холбоотой болно. Ингэснээр археологийн шинжлэх ухааны мөн чанар өөрчлөгдөж нэгэн үе олдвор, хэрэглэгдэхүүн боловсруулдаг байсан мэргэжилтнүүд өнөө үед бие даасан байдлаар эртний соёлуудын ойлголтуудыг эд мөрийн баримт, нарийвчилсан шинжилгээн дээр тулгуурлан бий болгож байна. Энэ бүхний цаана өмнөх үеийн бидний ойлголт, мэдлэг зөвхөн өргөжин тэлсэн төдийгүй илүү гүнзгийрч, нарийсч байгаа юм. “Дэлхийн эртний агуу соёл иргэншлүүд” хичээлийг үзсэнээр археологийн болон бусад салбарын оюутнууд хэрхэн археологийн судалгаагаар дамжин эртний соёл иргэншлүүдийн ойлголтууд төрөн гарсан, өнөө үед тэдгээр соёл иргэншлүүдийг бид ямар замаар илүү мэддэг болсныг арга зүйн болон онолын үүднээс танин мэдэх учиртай. Тус хичээл зуун хувь Англи хэлээр явагдах байдал нь ирээдүйд Европ, Австрали, Хойд Америкийн их сургуулиудад очин суралцах оюутнуудын хэлний мэдлэг, хэрэглээг арвижуулах юм.

Товч агуулга

Тус хичээлээр археологийн шинжлэх ухааны мөн чанар, судалгааны үндсэн арга зүйнүүдэд суралцахаас гадна эртний соёл иргэншлүүдийн үүссэн замнал болон шалтгаан, оршин тогтнуулж байсан тогтолцоо, хүчин мөхөстөхөл хүргэсэн хүчин зүйлс зэрэг олон талын ойлголтуудыг хэрхэн археологийн хэрэглэгдэхүүнээр дамжуулан боловсруулдаг үйл явцтай танилцана. Ингэхийн тулд хүний (Homo sapiens sapiens) гарал үүслээс эхлүүлээд дэлхийн өнцөг бүрт хэзээ, яаж очин суурьшсан болох; анхны суурингуудын үүсэл, хөгжил; анхны хотууд бий болох нийгэм-соёл-эдийн засгийн үндэс; анхны төрт улсууд, соёл иргэншлүүд зэрэг сэдвүүдийг хөндсөн судалгаануудыг авч үзнэ. Ингэснээр энэ хичээлийн хөтөлбөрт багагүй хэмжээний цаг хугацаа, орон зай багтсан болно. Сэдэвчилсэн лекц болон семинар дээр дэлхийн нэг хэсгийн соёл иргэншлийн судалгааг танин мэдэхээс гадна тус судалгаанд ашигласан орчин үеийн археологийн арга зүй, шинжилгээнүүдийн үр дүн хэрхэн бидний ойлголтыг баяжуулж, гүнзгийрүүлж байгааг хэлэлцэх болно.