Турк хэлний ярих, сонсох дадал 2

TURK206 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 1 цаг - 16 хоног

Семинар: 4 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Турк хэлний үгийг зөв дуудаж хэвшүүлэх, хэлзүй, үгийн сан, ярианы хэлний дунд шатны буюу Европын олон хэлний суурь хөтөлбөрийн ангилалаар А2 түвшингийн мэдлэг олгон яриа, бичгийн хэлний үндэс суурийг зөв тавих мөн толь хэрэглэх чадвартай болгох, зарим нэг салбарт (жишээ нь хувь хүн, гэр, худалдаа хийх, ажил мэргэжил гэх мэт) хэрэглэгдэх өгүүлбэр, нийтлэг хэрэглээний илэрхийллийг сонсоод зөв ойлгох, өөрт танил зүйлийн талаар мэдээлэл солилцож, ойлголцох чадвар олгох зорилготой. Ингэснээр энгийн бүтэцтэй, алдаагүй өгүүлбэрээр өөрийгөө ойлгуулах, гарал үүсэл боловсрол, ойр зуурын орчин нөхцөл, өөрийн ойр зуурын хэрэгцээний зүйлсийг энгийн үг хэллэгийн тусламжтайгаар харилцагчдаа ойлгомжтойгоор тодорхойлон өгүүлэх чадвар эзэмшүүлэх ач холбогдолтой. Ийнхүү хэлний ерөнхий хэрэглээнд сургаж, Турк улсын нийгэм-соёлын мэдлэг олгохын зэрэгцээ, хэл сурах болон бие даан сурах арга барил эзэмшүүлнэ.

Товч агуулга

Турк хэл нь монгол хэлний нэгэн адил Алтай язгуурын хэлэнд хамаарах залгамал бүтэцтэй хэл юм. Суралцагч нь тухайн нөхцөл байдалд асуулт тавих, асуултанд хариулах, харилцан ярилцаж сурах мөн ирээдүйн талаар ярих (төлөвлөгөө гаргах, санаа зовнилоо илэрхийлэх, аргадан тайвшруулах), цаг тохирох, болзох, учир шалтгааныг тоочих, аливааг дүрслэн тодорхойлох, аз жаргал хүсэх, урих, санал, таамаглал, сэтгэл хөдлөлөө болон гомдолд хариу илэрхийлэх, ажил амралтын аялал төлөвлөх, интернэтээр худалдаа хийх, зөвлөгөө өгөх, графикийг тайлбарлан өгүүлэх, зоогийн газраар үйлчлүүлэх, байр хайх, кино, болсон үйл явдлыг бичих, ярих харилцааны чадвартай болно. Турк улсад амьдрах, суралцах, соёл, соёлын дурсгалт газар, биеийн хэл, баяр, заншлын тухай орон судлалын мэдлэгээ гүнзгийрүүлэн өөрийн орныхтой харьцуулна. Хэл, намтар, гэр бүл, чөлөөт цаг, сонирхол, мэдээллийн хэрэгслийн үүрэг, хүмүүсийн харилцаа, хот хөдөөгийн амьдрал, хөгжлийн бэрхшээл, бүтээгдэхүүний нээлт, гэр ахуйн осол зэрэг сэдвийг үзнэ. Олон хэлний мэдлэг, ажил эрхлэхээр гадагшаа явах, ажлын байр, ажилд орох өргөдлийн давуу, сул талыг хөндөнө.