Биологийн олон янз байдлын анализ

BIOL802 / Доктор

Багц цаг: 3

Биологийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 8 цаг - 16 хоног

Зорилго

Дэлхий нийтэд биологийн олон янз байдлын хомсдлын түвшин “амьдралын түүхэн дэх зургаа дахь удаагийн мөхөл” гэж нэрлэгдэхүйц хэмжээнд хүрсэн нь хүний сайн сайхан амьдралд олон талын үр уршигтай, судлаачдын төдийгүй олон нийтийн анхаарлыг татсан асуудлуудын нэг болоод байгаа билээ. Нөгөө талаар биологийн шинжлэх ухааны бусад салбараас хамгийн их ялгагдах зүйл бол судалгааны объект бүрийн дахин давтагдашгүй байдлаар илрэх вариаци бөгөөд энэ нь биологийн олон янз байдлын нэг илрэл болох тул түүний гарал үүсэл, оршин тогтнох механизм, түүнийг тоон үзүүлэлтээр үнэлэх арга ажиллагаанд суралцах нь биологийн салбарт суралцагсдад хамгийн өндөр ач холбогдолтой мэдлэг, чадвар юм. Иймд “Биологийн олон янз байдлын анализ” хичээлээр суралцагсдад биологийн олон янз байдлын үндсэн гурван түвшин болох генетик, зүйлийн, экосистемийн олон янз байдлын гарал үүсэл, хадгалагдах механизм, шалтгаан-үр дагаврын талаар организмын бүлгээс үл хамаарсан ерөнхий, нийтлэг онолын мэдлэг олгож, биологийн олон янз байдлыг түвшин бүрт үнэлэх тусгай аргуудыг эзэмшүүлж, уг салбарт гарч буй сүүлийн үеийн арга, хандлагуудын талаар мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой.

Товч агуулга

Уг хичээлээр удиртгал, биологийн олон янз байдлын үзэл санаа, тодорхойлолт, генетик олон янз байдал, гарал үүсэл, хэмжүүрүүд, микробиомын олон янз байдал, зүйлийн олон янз байдлын дэлхийн хэв маяг, түүний шалтгаан, бүлгэмдэл дэх зүйлийн баялаг, зүйлийн элбэг ба ховор байдал, зүйлийн олон янз байдлын индекс, бүлгэмдлийн зүйлийн олон янз байдлын харьцуулсан судалгаа, зүйлийн олон янз байдлын орон зай, цаг хугацааны динамик, бүлгэмдлийн бүтцийг судлах ординацийн хандлага, бүлгэмдэл дэх зүйлийн олон янз байдлын шалтгаан ба үр дагавар, экосистемийн олон янз байдал ба экосистемийн үйлчилгээ, хүний нийгмийн учир холбогдол, биологийн олон янз байдлын хамгаалал, түүний ач холбогдол зэргийг олон улсын сурах бичиг, эрдэм шинжилгээний анхдагч бүтээл, статистикийн програм ашиглан үзэж судална.