Хувийн менежмент ба манлайлал (Ерөнхий суурь)

MNGT100 / Бакалавр

Багц цаг: 3

Менежментийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлийг их сургуульд дөнгөж элсэн суралцаж буй оюутнуудад их сургуулийн орчинд дасан зохицох, түүнд өөрийн суралцах зорилго, арга барилаа эртнээс нийцүүлэх, амжилттай суралцаж төгсөхөд зайлшгүй шаардлагатай хувийн ур чадваруудынхаа хэрэгцээг тодорхойлон хөгжүүлэх, ажил мэргэжил сонголтын шийдвэр гаргалтын үе шатуудад зайлшгүй байх алхмуудын мэдлэг, ойлголттой болж зөв чиглүүлэлт өгөх зорилгоор боловсруулж байгаа болно. Энэхүү хичээлийг сонгосноор оюутан эхнээсээ амжилттай сайн суралцахад өөрийн менежмент болоод суурь чадваруудаа хөгжүүлэхээс гадна хувийн сонирхол, чадварт тохирсон мэргэжлээ сонгон суралцах явцдаа хөдөлмөрийн зах зээлд гарахад өөрийгээ бэлтгэх, ажлын дадлага туршлагатай болох, улмаар тогтвортой хөдөлмөр эрхлэхэд суралцах хэрэгцээ шаардлагаа зөв ухамсарлах, түүнийгээ төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, манлайлах арга барил эзэмшинэ.

Товч агуулга

Энэхүү хичээлийн агуулга нь их сургуулийн орчинд дасан зохицохуй, хувийн хөгжил ба төлөвшил, ажил мэргэжил төлөвлөлт ба манлайлал гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэнэ. “Их сургуулийн орчинд дасан зохицохуй” хэсэгт их сургуульд шилжин суралцах онцлог, их сургуулийн оюутан гэж хэн болох, амжилттай суралцахад шаардлагатай хувь хүний суурь ур чадвараа хөгжүүлэх хэрэгцээгээ тодорхойлох; их сургуулийн орчинд багш, олон газраас ирсэн янз бүрийн оюутнуудтай хэрхэн харилцах, ажилтан зэрэг байгууллагын янз бүрийн түвшинд ажилладаг хүмүүстэй ажил хэрэгчээр харилцах арга барилд суралцах; сургалтын арга технологийг таньж мэдсэнээр суралцахуйн шинэ арга технологид дасан зохицох талаар мэдлэг, ур чадвар эзэмшинэ. “Хувийн хөгжил ба төлөвшил” хэсэгт хувь хүний хандлага, өөрчлөлт ба төлөвшил, хувийн төлөвлөлт ба зохион байгуулалт, амжилттай суралцахад шаардлагатай хувийн ур чадвараа хөгжүүлэх, цагийн менежмент, зохистой амьдралын хэв маягт суралцах гэсэн сэдвүүд багтаж байгаа бөгөөд оюутанд суралцах хугацааны төлөвлөгөөгөө боловсруулах, төлөвлөсөн цаг хугацаандаа ажлаа амжуулах болоод багаар ажиллах, илтгэх, мэдээлэл боловсруулалтын суурь ур чадварыг хөгжүүлэхээс гадна амьдралын эрүүл хэв маягтай байх дадал эзэмшүүлнэ. “Ажил мэргэжил төлөвлөлт ба манлайлал” хэсэгт мэргэжил сонголт, суралцах хугацааны ажил мэргэжлийн баримжаа, карьер төлөвлөлт ба хөгжил, суралцах хугацааны манлайлал сэдвүүдийг онол, арга зүйн хувьд үзэж судалсанаар оюутан сонирхсон мэргэжил болоод бусад сонголтуудын боломж, суралцах хугацааны олон нийтийн ажил, тэтгэлгүүд, цагийн ажил зэрэгт хэрхэн хамрагдах, тэдгээрт тавигдах шаардлагыг эртнээс мэдэж бэлтгэснээр суралцах явцдаа ирээдүйн ажил амьдралын зорилго, замналаа зөв төлөвлөх, хүрэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх арга замаа эрж хайх, ажил олох эсхүл эрхлэхэд зайлшгүй хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар болон манлайлах суурь ур чадварт суралцана.