Нөөцийн экономикс

ECON304 / Бакалавр

Багц цаг: 3

Худалдаа үйлдвэрлэлийн сургууль

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хүрээлэн буй орчин ба эдийн засгийн хоорондын харилцан хамаарлыг танин мэдэж, дам нөлөө ба хүрээлэн буй орчны асуудал, түүнийг шийдэх арга зам, өмчийн эрх, нийтийн бүтээгдэхүүн, байгалийн нөөцийн ангиллын талаар мэдлэг олж авахаас гадна тогтвортой хөгжлийн талаар мэдлэг олж авч, энгийн түвшинд шинжилгээ хийж, шийдвэр гаргалтанд ашиглах чадварыг эзэмшүүлэхэд оршино.

Товч агуулга

Нөөцийн эдийн засаг хичээлийн хүрээнд эдийн засгийн систем ба хүрээлэн буй орчин, өмчийн эрх, дам нөлөө ба зах зээлийн гажуудал, нийтийн бүтээгдэхүүн, тогтвортой хөгжил ба байгалийн нөөцийн ангилалын талаар судална. Хүрээлэн буй орчны асуудлууд эдийн засгийн хөгжилд нөлөөлдөг төдийгүй эдийн засгийн хөгжил хүрээлэн буй орчны асуудлуудад нөлөө үзүүлдэг. Бид энэ сэдвийн хүрээнд хүрээлэн буй орчны эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг, нээлттэй ба хаалттай систем, хүрээлэн буй орчин дахь термодинамикийн I ба II хууль зэргийг судална. Эдийн засагт өмийн эрх нь эзэмшигчийн эрх, онцгой эрх, ба нөөц ашиглахад зориулагдсан хязгаарлалт зэрэг зүйлийг агуулсан багцаас бүрдэнэ. Бид дам нөлөөг зах зээлийн гажуудлын үндэс байдлаар авч үзнэ. Бид нийтийн бүтээгдэхүүний ТӨЗЗ ба ТБӨЗЗ, Засгийн газрын үр ашиггүй шийдвэр, Коузын теоремыг авч үзнэ. Тогтвортой хөгжил сэдвийн хүрээнд шавхагдах нөөцийн зах зээлийн тархалт, хүрээлэн буй орчны зардлууд, 2 болон n үетэй динамик үр ашигтай загвар зэргийг судлах болно. Мөн тогтворжилтын шинжүүр болох “Хартвыкийн дүрэм”-ийг авч үзнэ. Нөөцийн ангилал сэдвийн хүрээнд тогтоосон нөөц, илрүүлсэн нөөцийг авч үзнэ. Эрчим хүч гэсэн сэдвийн хүрээнд шавхагдах нөөц ба дахин сэргээгдэх нөөцийн талаар судална. Газар сэдвийн хүрээнд газрын хэрэглээ болон газрын тархалтыг судална.