Академик англи хэл 5

AENG125 / Бакалавр

Багц цаг: 3

Гадаад хэлний сургалтын төв

Улирал харгалзахгүй

Лекц: -

Семинар: 6 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Гадаадын их дээд сургуулиудад богино, урт хугацаагаар суралцах, эрдэм шинжилгээ, судалгаа хийх, оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломж нэмэгдэхийн хэрээр оюутнууд англи хэлний олон улсын стандарт IELTS, TOEFL шалгалтуудыг амжилттай өгч, тухайн сургуулиудын шаардаж буй онооны болзлыг хангахын тулд шалгалтанд бэлтгэх хөтөлбөрт хамрагдах эрэлт ихэссэн. IELTS-ын сургалтыг зохион байгуулснаар оюутнуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн сонголт бий болж, оюутнууд академик англи хэлний анхан дундаас ахисан түвшний хичээлийг судлахын зэрэгцээ англи хэлний олон улсын IELTS-ын шалгалтыг амжилттай өгөх арга барилд суралцах, хэлний ур чадвараа хөгжүүлэх зорилготой. Мөн өмнөх шалгалтын оноогоо ахиулах боломж олгох бөгөөд энэхүү сургалтанд хамрагдсанаар англи хэлний унших, бичих, ярих, сонсох дадлыг богино хугацаанд сайжруулах давуу талтай юм.

Товч агуулга

Англи хэлний мэдлэгийн түвшинг шалгах олон улсын IELTS-ийн шалгалтыг амжилттай өгөхөд шаардагдах мэдлэг, ур чадвар, стратеги, арга барилыг эзэмшүүлэхэд чиглэсэн 96 цагийн (3кр) хичээлээр оюутан ярих, сонсох, унших, бичих ур чадвараа дээшлүүлэх дасгалуудыг хийж гүйцэтгэнэ. Суралцагч IELTS-ийн шалгалтын жишиг тест өгч 5.5 онооны шалгуур хангаснаар энэ хичээлийг сонгон судлах боломжтой болох бөгөөд 6.0 онооны шалгуурыг биелүүлэхүйц түвшинд хүрч төгсөнө. Энэ хөтөлбөр нь тус бүр 32 цагийн харилцах (ярих, сонсох), унших, бичих дадлага хичээлээс бүрдэнэ. Хичээлийн ерөнхий агуулга нь IELTS-ийн шалгалтын стандарт даалгаврын төрлүүдийг нэг бүрчлэн авч судлах, тэдгээрт тохирох арга техникийг оюутны өөрийн сурах арга барилтай уялдуулан хэрэглэж, дадалжуулахад чиглэнэ. Харилцах дадал хичээл нь сонсох ба ярих гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Сонсох хичээлийн агуулгын хүрээнд дөрвөн дэд хэсгээс бүрдсэн монолог, диалог (нэг болон олон хүний харилцан яриа) сонсож олон сонголтоос зөвийг нь сонгох, хооронд нь тааруулах, газрын зураг, диаграм дээр дурьдсан байршлыг нэрлэх, хүснэгт болон бусад текст, тэмдэглэл нөхөж бичих, график, схем зурагт таарах үг болон тоог сонсож бичих, өгөгдсөн сэдвийн талаарх дүгнэлтийг гүйцээх, өгүүлбэрт тохирох үгийг нөхөх, товч хариулах асуултанд хариулах зэрэг стандарт даалгавруудыг гүйцэтгэнэ. Ярих хичээлийн агуулга нь гурван дэд хэсгээс бүрдэх ба эхний хэсэгт богино хэмжээний асуултанд хариулах, хоёрдугаар хэсэгт картанд өгөгдсөн сэдвийн хүрээнд тасралтгүй ярих, гуравдугаар хэсэгт хоёрдугаар хэсэгт ярьсан сэдэвтэй холбоотой гүнзгийрүүлсэн асуултанд хариулна. Унших дадал хичээлийн агуулгын хүрээнд гурван бүрэн хэмжээний бичвэр уншиж эхийн гол санаа, зорилго, өнгө аясыг тодорхойлох, мэдээллийг боловсруулах, дүн шинжилгээ хийх зэрэг даалгаврыг гүйцэтгэнэ. Бичих дадал хичээлийн агуулгын хүрээнд хоёр төрлийн бичих даалгаврыг стандарт шалгуурын дагуу гүйцэтгэнэ. Эхний даалгавар нь хүснэгт, график, диаграм, зурган мэдээлэлд дүн шинжилгээ хийж 150 үгтэй тайлбар бичих даалгаврыг гүйцэтгэнэ. Дараагийн даалгаврын хүрээнд өгөгдсөн сэдвийн дагуу 250 үгтэй эссэ бичнэ.