Төвд хэл (Ерөнхий суурь)

PSYS100 / Бакалавр

Багц цаг: 3

Философи, шашин судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Манай тооллын өмнө үүсэж хөгжсөн бурханы шашин Энэтхэгийн соёлын ололтыг Азийн улс орноор түгээн дэлгэрүүлжээ. 13-р зууны дунд үеэс Энэтхэгийн бурханы шашин Төвдөөр дамжин монголд дэлгэрэх явцад Төвд Монголын харилцаанд ном соёлын холбоо тогтож Төвд орон Монголчуудын оюун санааны амьдралын гол чухал төв болж эхэлсэн байна. 16-р зууны 2-р хагасаас эхлэн Монголд Төвдийн гэлүгбагийн ёсныхны үндэслэсэн бурханы шашны өөр нэг шинэ хэлбэр болох шарын шашин хүчтэй дэлгэрч энэ үеэс Төвд хэлнээс Монгол хэлнээ ном судар орчуулж, мөн хэлээр зохиол бүтээл бичиж эхэлсэн уламжлал сэргэн хөгжсөн байна. Тиймээс ч Монголчуудын Төвд хэлт утга зохиолын их үйлс 17-р зуунаас өрнөсөн гэж судлаачид үздэг. Энэ үеэс хойш Төвд хэлээр зохиолоо бичдэг хэдэн зуун Монгол эрдэмтэн гарч бүхэл бүтэн төвд хэлт утга зохиолыг буй болгожээ. С. Гомбожав Төвд хэлээр зохиолоо бичиж байсан 200 гаруй Монгол зохиолчийн нэрийг бүртгэн гаргахдаа давын өмнө арав хорин боть сүнбумтай (төвд хэлт түүвэр зохиолтой) зохиолчийг оруулсан байх бөгөөд зохиолын эмхтгэл буюу сүнбум бүрэн бус боловч нэлээд хэдэн зохиол бичсэн Монгол зохиолч цөөнгүй байсныг тооцож үзвэл Төвд хэлээр зохиолоо туурвиж байсан эрдэмтэн олон байжээ. Монголчуудын дотроос зохиол бүтээлээрээ Төвдийн мэргэдэд гайхагдаж байсан мэргэд олон гарчээ. Энэ тухай Б. Я. Владимирцов бичихдээ: "Төвдөөр зохиол бичиж байсан бөгөөд Төвдөд хүртэл их нэртэй болсон олон тооны гарамгай зохиолч утга зохиолын зүтгэлтэн хүмүүс сүүлийн хоёр зуун жилд монголчуудын дотроос гарчээ" гэсэн байна. Монголын зарим эрдэмтэд Энэтхэг, Төвд мэргэдийн их, бага арван ухааны (дотоод ухаан, учир шалтгааны ухаан, дуун ухаан,тэжээхүй ухаан буюу анагаах ухаан, урлахуй ухаан зэрэг их таван ухаан, зохист аялгуун ухаан буюу яруу найргийн ухаан, эвсүүлэн найруулах ухаан, илт өгүүлэх ухаан, зурхайн ухаан, дууриан бүжихүй ухаан зэрэг бага таван ухаан ) зохиол бүтээлийг дахин задлан тайлбарлаж шүүмжлэн хэлэлцэж байжээ. Энэ бол Монголчуудын оюуны соёл хэр өндөр байсныг харуулах баримт мөн. Төвд хэлт утга зохиол нь дундад зууны үеийн соёл шинжлэх ухааны бүх салбарыг хамарч байна. Төвд хэлээр зохиолоо туурвиж байсан олон арван Монгол мэргэдийн нэрийг дурьдаж болно. Эдгээр зохиолчдоос гүн ухаан, дуун ухаан, зохист аялгуу, анагаах ухаан, зурхайн ухаан болон түүхийн талаар бичсэн зохиолууд бол тэр цагийн Монголчуудын мэдлэг ухааны байдал, төрх хэр хэмжээг ойлгож мэдэхэд чухал хэрэглэгдэхүүн болж байна. Нөгөө талаар Энэтхэг, Төвдийн мэргэдийн бичсэн Төвд хэлт утга зохиол, сурвалжууд манай улсад арвин байна.

Товч агуулга

Төвд хэл үзэх учир холбогдол,Төвд бичиг үсэг зохиогдсон түүх, гарал үүсэл, Төвд бичгийн төрөл зүйл, үеийн үсэгтэй болох, Төвд үсгийг дуудах монгол аялгын тухай, төвд хэл зүйн бичгүүдийн тухай, төвд хэлт утга зохиолын талаар удиртгал хичээлээр үзнэ. Монголчуудын Төвд үсгийг заах уламжлалт буюу гийгүүлэгч үсгийг аймаглан хувааж, ижил төстэй дуудлагатай үсгүүдийг өөр хооронд нь ялгах үүднээс үсэг бүрт нэр өгч нүдлүүлж байсан аргаар хичээлийг зааж, төвд бичгийн дан, давхар, толгойтот, зүүлтэт, угтвар, дагавар, дахин орсон дагавартай үсгүүдийг үзэж, Уайлигийн галигаар галиглах журмыг зааж, дадлага хийнэ.